УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдсан байдаг. Тиймээс Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.
Хуулийн төсөл нь энэ оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үйлчлэхээр тусгажээ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй гэлээ. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэх хугацаанд бизнес эрхлэгчид хяналт шалгалтын улмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөн, тэдгээрт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг хяналт шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд тус нэмэр болно гэж хууль санаачлагч үзсэн байна. Хяналт шалгалтын үр дүнд шууд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүд мэргэжлийн хяналтын байгууллагын нийт шалгалтын хэдэн хувь нь төлөвлөгөөтэй хийгддэг байсан, чухам ямар шалгалтыг зогсоож байгааг тодруулсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2021 онд 9900 хяналт шалгалтыг хийхээр төлөвлөсний 60 хувь нь хийгдсэн хэмээн сайд мэдээлсэн. Хэдийгээр төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох ч иргэд өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд түүний дагуу хяналт шалгалт зохион байгуулах ажил хийгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа. Түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтын ажил зогсохгүй гэдгийг сайд тодотгосон юм.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.