Иргэний нисэхийн салбар цар тахлын улмаас сүүлийн 2 жилд багагүй уналтад орж, өнгөрөлтийн нислэгийн тоо 5 дахин багаслаа.
Үүнийг дагаад иргэний нисэхийн салбарын орлогын 95 хувийг бүрдүүлдэг агаарын навигацийн орлого багасаж, санхүүгийн чадамж энэ хэмжээгээр буурав. 2019 онд гэхэд хоногт дунджаар 450 агаарын хөлөг манай улсын дээгүүр нисэн өнгөрдөг байсан бол одоогоор ердөө 90-100 болоод байгаа аж.
Гэхдээ энэ бэрхшээл түр зуурынх юм. Энэ цаг үеийг шалтаг тоочиж, зүгээр өнгөрөөлгүй, ирэх жилүүдэд Иргэний нисэхийн салбараа хүндрэлээс гаргаж, хэвийн нөхцөлд оруулах, хөгжүүлэх, навигацийн орлогыг нэмэх талаар “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд болсон “Агаарын навигацийн бодлогын хэлэлцүүлэг”-ийн үеэр салбарынхан зөвлөлдөв. Хэлэлцүүлгээр төрөөс Иргэний нисэхийн салбарт баримталж буй урт хугацааны бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар хэлэлцсэн юм.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “2013 онд баталсан төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн хугацаа дууссан. Энэ баримт бичгийн хэрэгжилтийг ЗТХЯ-наас хөндлөнгийн шинжээчээр дүгнүүлэхэд 73.2 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн нь хангалтгүй тоо. Ирэх 10 жилд үүнээс илүү байхад анхаарах хэрэгтэй. Өмнөх жилүүдэд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг эдийн засгийн үр ашигтай уялдуулах нь тааруу байсан. Иргэний нисэхийн салбарт 2030 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд үүнд маш сайн анхаарна” гэлээ. Мөн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажил тусгагдсаныг дурдаад, тус салбарт 2022-2025 онд хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” хөтөлбөрийг танилцууллаа.
Агаарын навигацийн чиглэлд 2022-2025 он хүртэл баримтлах бодлогыг ИНЕГ-ын Агаарын навигаци, Нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл танилцуулав. Тэрбээр “Навигацийн орлогыг 2025 он гэхэд 1 их наяд төгрөгт хүргэхээр зорьж байна. Өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэхийн тулд агаарын зайн багтаамжийг нэмэх шаардлага бий. Үүний тулд агаарын тээвэрлэгч, нисэх буудал, агаарын навигацийн үйлчилгээний байгууллага бүгд хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр өнгөрөлтийн нислэгийг 2025 он гэхэд 250 мянгад, навигацийн хураамжийг нэг их наядад хүргэх боломжтой” гэжээ.
Иргэний нисэхийн салбарыг шинэчлэхийн тулд салбарын хууль, дүрмийг шинэчлэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ИНЕГ-ын удирдлага, хуулчдын багаас салбарын ажилтан, хуульч, эрх зүйч, ахмадууд болон ИНЕГ-ын үе үеийн дарга нараас санал аван боловсруулж, ЗТХЯ-нд хүргүүлээд байгаа аж.