Иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар бус 12 оронтой бүртгэлийн дугаар бичих хуулийн төслийг дэмжив

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн насанд хүрсэн иргэдэд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгсөн 12 орон иргэний бүртгэлийн дугаарыг холбогдох ил харагдахаар бичихээр төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоожээ. Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зааж байгаа аж. Түүнчлэн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Л.Мөнхбаатар нар асуулт асуулаа. Тухайлбал, Монгол Улсын иргэний бүртгэл, татвар, боловсрол, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гэх зэрэг бүх төрлийн мэдээллийг нэгтгэн их өгөгдлийн сан бүрдүүлсний хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тодруулав.

Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд онц чухал мэдээллийн дэд бүтцийн тоонд их өгөгдлийн сан орж байгаа тул Тагнуулын ерөнхий газар, холбогдох бусад байгууллагатай хамтран аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас онцлов. 2009 онд хурууны хээний бүртгэл хийж эхлэх үеэс иргэдэд 12 орон тоо бүхий бүртгэлийн дугаарыг олгож эхлээд өдгөө 2 сая гаруй иргэнд олгожээ. Харин Монгол Улсад зорчиж буй гадаад иргэн хилээр нэвтрээд бүртгүүлэх үед 13 орон бүхий бүртгэлийн дугаар үүсч байгаа юм. Иргэний бүртгэлийн дугаар олголттой холбоотой тусгай зардал, чирэгдэл үүсэхгүй, тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд иргэдэд тоон гарын үсэг олгоно. Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд 126 төрлийн 700 орчим үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд иргэн бүр тоон гарын үсэгтэй болсноор 122 төрлийн үйлчилгээг иргэн гар утас, цахим төхөөрөмж, ТҮЦ машинаас авах боломжтой болж байгааг ажлын багаас онцоллоо. Харин хориг, гэрлэлт, хурууны хээний шинэчилсэн бүртгэл, харьяат болох болон харьяатаас гарахтай холбоотой дөрвөн төрлийн үйлчилгээг л улсын бүртгэлийн байгууллагад биечлэн очиж авдаг болох аж.

Цахим орчин дахь мэдээллийн системийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн хангахад хүндрэлтэй тул иргэний бүх мэдээллийг нэг санд нэгтгэхийг дэмжихгүй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан дурдлаа. Мөн насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийг цахим орчинд нэгтгэх, нэг санд төвлөрүүлэхдээ нэн болгоомжтой байх ёстойг анхааруулж байсан юм.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Сэтгэгдэл бичих