В.Путин, Э.Макрон нар Орос, Украины яриа хэлцээний явцын талаар хэлэлцжээ

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой утсаар ярьж, Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, тэр дундаа Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээний явцын талаар санал бодлоо солилцлоо гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Хоёр орны удирдагчид Францын талын санаачилгаар утсаар ярьсан байна.

Түүнчлэн Францын телевизийн “BFM” сувгаар Елисейн ордны мэдэгдлээс эш татан, Э.Макрон В.Путинтэй утсаар ярихдаа Украинд гал зогсоохын чухлыг цохон тэмдэглэв гэж мэдээлжээ. Францын Ерөнхийлөгч "гал зогсоохоос өөр шийдэл байхгүй" гэж мэдэгдсэн хэмээн тус сувгаар онцлон тэмдэглэсэн байна.

Елисейн ордноос мэдээлснээр, Франц, Оросын удирдагчдын яриа нэг цаг үргэлжилжээ. Э.Макрон Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Францын төрийн тэргүүн энэ өдөр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярьжээ.

Э.Макрон, В.Путин нар хамгийн сүүлд гуравдугаар сарын 18-нд утсаар ярьсан бөгөөд мөн л Москва, Киевийн хооронд хийж буй хэлэлцээний явцын талаар хэлэлцсэн байна.

Францын Ерөнхийлөгч Оросын удирдагчидтай хэлэлцээ хийхээр хоёрдугаар сарын 7-нд Москвад айлчилсан билээ. Москвад хэлэлцээ хийснийхээ дараа хоёр орны удирдагчид утсаар тогтмол ярьж байгаа юм.

Сэтгэгдэл бичих