Цахилгаан эрчим хүчний нэг килоВатт.цагийн өртөг одоогоор 224 төгрөг байхад борлуулалтын дундаж тариф 175 төгрөг буюу нэгж бүтээгдэхүүний борлуулалт тутамд салбар 49 төгрөгийн алдагдал хүлээж байна.
Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр ярихдаа, “Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс доогуур байгаатай холбоотой эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр, банкны богино хугацаат зээл, зээлийн хүүгийн өглөг нэмэгдэж байна. Мөн дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, хангах компаниуд хөрөнгийн дутагдлаас шалтгаалж техникийн засвар, үйлчилгээг шаардлагатай хэмжээнд хийж чадахгүй болж эрсдэл нэмэгдэн, нийгэм, эдийн засгийн хэвийн байдалд хүндрэл үүсгэхээр байна” хэмээв.
Эрчим хүчний салбар 2018 онд 18.8 тэрбум, 2019 онд 58.4 тэрбум, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д зохион байгуулсан хэлэлцүүлгийг “Хөгжлийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, Төр-хувийн хэвшлийн түншлэл”, “Эрчим хүчний салбарын үнэ тарифын тогтолцоо”, “Сэргээгдэх эрчим хүч-Ногоон хөгжил”, “Эрчим хүч-бүсийн хөгжил” сэдвээр өрнүүлэв. Хэлэлцүүлэгт ТБ, ТББ, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.