“Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ын угтсан цуврал хэлэлцүүлгүүд энэ 7 хоногт эхэлж байна. Тодруулбал, чуулганыг угтсан салбар дэд хэлэлцүүлэг өнөөдөр “Эрчим хүчний сэргэлт” сэдвээр ЭХЯ-нд болж байна. Хэлэлцүүлгийг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нээж, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Шинэ сэргэлийн бодлого: Эрчим хүчний хөгжлийн төслүүд” үндсэн илтгэлийг эхлүүллээ.
“Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэгт “Эрчим хүчний ассоциац” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж “Хөгжлийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, Төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр эхний хэлэлцүүлгийг явуулах юм. Хоёрдугаар хэлэлцүүлгийг эдийн засагч Д.Жаргалсайхан “Эрчим хүчний салбарын үнэ тарифын тогтолцоо” сэдвээр, гурав дахь “Сэргээгдэх эрчим хүч-Ногоон хөгжил” хэлэлцүүлгийг “Клин Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг “Эрчим хүч-бүсийн хөгжил” сэдвээр ШУА-ийн дулаан техник экологийн хүрээлэнгийн захирал Х.Энхжаргал нар тус тус өрнүүлэх юм.
“Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ын хүрээнд ЭХЯ-наас зохион байгуулж буй “Эрчим хүчний сэргэлт” салбар хэлэлцүүлэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд болж байна.