Ойн салбарт залуу эрдэмтэн бэлтгэх бодлого үгүйлэгдэж байна

оруулсан Алсын Хараа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлгийн жишиг газар дахь агро паркын үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны гишүүн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагын төлөөллүүд уулзалтад оролцож, ойнболон усны инженер, залуу эрдэмтэн бэлтгэхэд салбарын яамны бодлого үгүйлэгдэж байгааг тэмдэглэсэн юм. Түүнчлэн, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал, бодлоо хуваалцан байр сууриа илэрхийлжээ. Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагын үйл ажиллагааны бүх шатанд хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог дэмжихийг уламжилсан байна. Мод тарихаас гадна арчилгааг эзэнжүүлэх нь чухлыг онцлоод, үүнийг дагасан ажлын байр, худалдааны суваг, хууль, эрх зүйн орчин, төр иргэний итгэлцлийг бэхжүүлж, эдийн засгийг дэмжих боломжийг ажил хэрэг болгож өгөхийг хүсжээ.

Мөн тарьц, суулгацын борлуултын сувгийг тодорхой болгож жижиг аж ахуй нэгжийг дэмжиж, мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, санхүүгийн бодит дэмжлэгийг бодлогоор зангидаж, иргэддээ ойртож ажиллахыг уулзалтад оролцогчид ярьсныг БОАЖЯ мэдээлэв. Уулзалтад 8 аймгийн 35 төлөөлөл оролцжээ.

Сэтгэгдэл бичих