/Yonhap/. БНСУ-д коронавирусний халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж байгаа энэ үед халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойш анх удаагаа 600 мянга давжээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 621 328 тохиолдол илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 8 250 592-т хүрчээ. Ингэснээр өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо хоногт 55 хувиар өссөн байна.
БНСУ-д энэ оны нэгдүгээр сарын сүүлээр халдварын тохиолдлын тоо анх таван оронтой тоогоор нэмэгдсэнээсээ хойш эрс өсөх болоод байгаа бөгөөд гуравдугаар сарын 9-нд анх удаагаа 300 мянга давжээ. Өнгөрсөн хоногт халдвараар нас барсан тохиолдлын тоо өмнөх өдрийнхөөс хоёр дахин нэмэгдсэнээр 429-т хүрсэн нь урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болж, нас барсан тохиолдлын тоо 11 481-д хүрсэн нь нийт тохиолдлын 0.14 хувьтай тэнцэж байна.
Харинд цар тахлын хариу арга хэмжээний гол хэмжигдэхүүнд тооцогдож буй хүнд өвчтөнүүдийн тоо 1159 болсон нь өмнөх өдрийнхөөс 85-аар буурчээ. БНСУ-д өвчлөл эрс нэмэгдэж байгаа ч цар тахлын нөлөөнд хүчтэй нэрвэгдсэн жижиг бизнесүүд, хувиараа бизнес эрхлэгчдээс үзүүлж буй шахалтыг харгалзан халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг сулруулах алхмуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Баасан гарагт Засгийн газар одоогоор мөрдөж буй зай барих журмыг үргэлжлүүлэн мөрдөх эсвэл цаашид улам сулруулах эсэхтэй холбоотой шийдвэрийнхээ талаар танилцуулах төлөвтэй байна. Одоогоор бизнесийн үйл ажиллагааг оройн 23 цагаас хязгаарлаж, хувийн уулзалтад зургаан хүн оролцохыг зөвшөөрч байгаа ажээ.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд “омикрон”-ы давлагаа оргил үедээ хүрч байгаа гэж үзэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дотоодод халдварласан тохиолдлуудын 128 375 нь Сөүл хотод бүртгэгдсэн бол тус хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид 181 983 тохиолдол, баруун нутгийн Инчеон хотод 32 964 тохиолдол тус тус илэрчээ.
Өнөөдрийн байдлаар, БНСУ-ын 52 сая хүн амын 32.21 сая нь буюу 62.8 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна. Мөн 44.44 сая хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь хүн амын 86.6 хувьтай тэнцэж байгааг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулж байна.