ХЗДХЯ-аас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Шинэ хуульд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж 14 хоногийн дотор зөрчлөө шийдвэрлэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг хоёр дахин бууруулахаар тусгажээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил болж байна. Тус хуулиар өнөөдрийг хүртэл 8 сая гаруй шийтгэл оногдуулжээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая гаруй хувь хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байгаа юм. Дээрх 8 сая гаруй зөрчлийн 98 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлж байна.
Улаанбаатар хот хамгийн ихдээ 80 мянган авто машинтай байх ерөнхий төлөвлөгөөтэй. Гэтэл өнөөдөр 620 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрэм журмын зөрчил нэмэгдэж байна” хэмээн хэллээ.
Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлах болсон шалтгааныг хэлэхдээ “Бид төрийн хяналт шалгалтыг төр шалган тусалж, зөвлөн сануулдаг хэлбэр рүү орохын тулд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Монгол Улсад хариуцлагын тогтолцоо ромбо хэлбэртэй байгаа. Энэхүү ромбо дүрсийн цүлхийсэн хэсэг дээр манай улсын төрийн хяналт шалгалтын тогтолцоо оршиж байна. Гэтэл нийт эзлэхүүний хамгийн бага талбай төрийн хяналт шалгалтад оршдог. Харин ромбын дээрх хурц өнцөгт Эрүүгийн хариуцлагын тогтолцоо байна. Тиймээс ч хариуцлагын нэгдсэн тогтолцооны зөв бүтэц систем алдагджээ хэмээн дүгнэхэд хүрч байгаа юм” гэж ярилаа.