Сарын дундаж цалин 7.6 хувиар нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 4 дүгээр улирлын тайланд 719.3 мянган ажилтанг хамруулжээ. Тэдний сарын дундаж цалин 1068.1 мянган төгрөг байгаа нь өмнөх улирлынхаас 75.1 (7.6 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэв.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 4 дүгээр улирлын байдлаар 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 110 (8.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 103.1 (7.6 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2021 оны 4 дүгээр улиралд 2015 оныхоос 65.6 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Дундаж цалинг хүйсээр ангилбал, 4 дүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байв. Ажилчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбараар ангилахад уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.2 сая, харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 967.9 мянган төгрөг байна.

НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (4.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 315 (0.7 хувь)-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 27.7 (4 хувь) мянга, өмнөх улирлынхаас 6.8 (1 хувь) мянгаар нэмэгджээ.

Тайланд хамрагдсан даатгуулагчдийн 108.2 (15 хувь) мянга нь боловсролын, 96.7 (13.4 хувь) мянга нь бөөний, жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 80 (11.1 хувь) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгааллын, 74.3 (10.3 хувь) мянга нь боловсруулах үйлдвэрлэл, 46.6 (6.5 хувь) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 45.7 (6.3 хувь) мянга нь барилгын материалын, 43.8 (6.1 хувь) мянга нь тээвэр, агуулахын, 40.6 (5.6 хувь) мянга нь уул, уурхай олборлолт, 29 (4 хувь) мянга нь cанхүү, даатгалын, 154.3 (21.7 хувь) мянга нь бусад салбарын ажиллагчин аж.

НДШТ-ийн тайланд хамрагдсан даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь 24.7, харин 3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь 6.9 хувь байлаа.

Ажиллагчдын тооны бүлгээр нь ангилвал 1-9 ажилчинтай ААНБ-ын ажилчдын сарын дундаж цалин 889.1 мянга, 10-49 ажилчинтайнх 1.2 сая, 50-99 ажилчинтайнх 1.3 сая, 100-199 ажилчинтайнх 1.5 сая, 200 ба түүнээс дээш ажилчинтайнх 2 сая төгрөг байна.

Сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд баруун бүсэд 1 сая, зүүн бүсэд 1.2 сая, хангай, төвийн бүсэд 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 151.5- 424.1 (10.5-29.5 хувь) мянган төгрөгөөр бага аж. Харин нийслэлд сарын дундаж цалин 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.6 сая төгрөг болж, улсын дунджаас 116.3 (8.1 хувь) мянган төгрөгөөр их байлаа.

Сэтгэгдэл бичих