З.мэндсайхан: Дотоодод тарьсан хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас олгоно

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоолыг баталсан байна.

Энэхүү тогтоол нь эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортлогч улс болох зорилтын хүрээнд хэрэгжүүлэх “Атрын дөрөвдүгээр аян”-тай уялдаж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Дээрх тогтоолын хүрээнд хурааж авсан хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хэрэглэсэн эрчим хүчний үнийг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас тавдугаар сарын 1 хүртэл өдөр бүрийн оройны 18.00 цагаас өглөөний 6.00 цаг хүртэл хөнгөлөхөөр шийдвэрлэжээ. Өмнө нь уг хөнгөлөлтийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэхээр тогтоосон байсныг ийнхүү сунгалаа. Түүнчлэн энэ оны хаврын тариалалтын үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан хүнсний ногоо, таримал, хүлэмжийн тарималын үнийг 80 хувь хөнгөлөхөөр тогтоолд тусгажээ.

Энэ оны хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 13.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын энэ оны хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна. Иймд 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр, бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад олгох болжээ. Үлдэгдэл мөнгийг намрын ургац хураалтын дараа авна гэдгийг ХХААХҮ-ийн сайд онцоллоо.

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс үр тарианы нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд зах зээлд борлогдоогүй байгаа 50.4 мянган тонн үр тариаг хаврын тариалалт эхэлхээс өмнө Хөдөө аж ахуйг дэмжих сан авах аж. Ингэснээр тариаланчид өнгөрсөн онд тарьсан бүх үр тариагаа борлуулах боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих