Экспорт 11.6 хувиар багасаж, импорт 12.5 хувиар нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улс энэ оны эхний хоёр сард 123 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.2 тэрбум, импорт 1 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 38.9 (1.7 хувь) сая, экспорт 154.3 (11.6 хувь) сая ам.доллароор багассан бол импорт 115.4 (12.5 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Харин экспорт өмнөх сарынхаас 101 (18.7 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, импорт 75.4 (13.5 хувь) сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 2 сард өмнөх оны мөн үеийнхээс 269.7 сая ам.доллароор багасаж, 142.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин 2 дугаар сард өмнөх сарынхаас 176.3 сая ам.доллароор нэмэгдэв.

БНХАУ-тай оны эхний 2 сард 1.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 51.9 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 35.4 хувийг чулуун нүүрс, 51.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг хагас боловсруулсан алт эзэлжээ.

Экспорт оны эхний 2 сард өмнөх оны мөн үеийнхээс 154.3 сая ам.доллароор багасахад нүүрсний экспорт 122.4 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ сүүлийн 2 сар дараалан багассан бол боловсруулаагүй газрын тос экспортод гаргаагүй аж.

Экспорт 2 дугаар сард өмнөх сарынхаас 101 сая ам.доллароор нэмэгдэхэд зэсийн баяжмалын экспорт 90.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлөв.

Импортын үнийн дүнг энэ оны эхний 2 сараар авч үзвэл, ОХУ 34.6, БНХАУ 27.8, Япон Улс 8.6, БНСУ 4.9, АНУ 2.7, ХБНГУ 2.6 хувийг эзэлж, нийт импортын 81.3 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 58.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 6.6 хувийг арматур, 2.3 хувийг цахилгаан эрчим хүч, 2.1 хувийг азотын бордоо, Япон Улсаас импортолсон барааны 73.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.4 хувийг цахилгаан эрчим хүч, 4.6 хувийг ачааны тэрэг, 87 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 115.4 сая ам.доллароор нэмэгдэхэд автобензин 54.6 сая, суудлын автомашин 20.6 сая, дизелийн түлшний импорт 17.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 94 хувийг эзэлж байгаа бол импортын 64.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих