Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” форум ирэх сарын 7-8-нд болно.
Уг форумыг угтан энэ сарын 21-30-нд зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа.
Тодруулбал, энэ сарын 21-нд "Эрчим хүчний сэргэлт" сэдвээр Эрчим хүчний яам, 22-нд "Төрийн бүтээмжийн сэргэлт" сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яам, 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн энэ сарын 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, 29-30-нд "Ногоон хөгжлийн сэргэлт" сэдвээр БОАЖЯ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сангийн сайд Б.Жавхлан, “Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, дэвшүүлсэн бодлогыг боловсруулж ирэх сарын 7-8-нд болох “Монголын эдийн засгийн форум-2022”-аар нэгтгэн хэлэлцэх юм. Энэ удаагийн форумаас эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр олон бодлого тодорхойлно” гэсэн юм.