Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх цагийн хуваариар 3 дугаар сарын 30-ныг хүртэл ажиллах юм. Үүнээс гадна иргэд халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд өгөх юм.
Дээрх тусгай дугаарын утсаар мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргах боломжтой аж. Тухайлбал, www.mgov.mn цахим системээр:
- Төрсний бүртгэлийн лавлагаа,
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
- Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,
- Регистрийн дугаарын тухай лавлагаа,
- Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа,
- Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа,
- гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа,
- гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа авч үйлчүүлнэ.