"Хасын Хүлгүүд", "Эрдэнэтийн Уурхайчид"-тай лигийн аваргын төлөө тоглоно

оруулсан Алсын Хараа

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн хагас шигшээ шат өчигдөр/2022.03.13/ албан ёсоор өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэрс тодорлоо.


Эрдэнэтийн Уурхайчид 87 – 75 Тэнүүн Өлзий Металл

“Хож эсвэл гэртээ харь” гэх уриатай хоёр багийн цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт спортын төв ордонд болж, ширүүн тоглолтын эцэст “Уурхайчид” ялалт байгуулав. Эхний гурван үе хоёр баг эн тэнцүү тоглолт үзүүлж, Стив Вутены гуравдугаар үеийн төгсгөлд амжилттай гүйцэтгэсэн алсын зайн шидэлтийн ачаар “Тэнүүн өлзий” нэг онооны тэргүүлэлтэй дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн. Гэвч дөрөвдүгээр үед “Уурхайчид” санаачлагыг гартаа авч, тоглолтыг бүрэн удирдав. Ялангуяа Т.Санчир, А.Бямбадорж, Лаутон Остин нар чухал үед, хэрэгтэй оноонуудыг авчирлаа.

“Тэнүүн Өлзий Металл” баг цувралыг 3-2 гэсэн харьцаатай тэргүүлж байсан ч хоёр тоглолт дараалан хожигдож, хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.

Тус тоглолтын шилдгээр Т.Санчир 28 оноо, найман самбараас бөмбөг авалт, гурван ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тодорч, багаа финалд хөтлөв. Байгуулагдаад ердөө хоёр дахь улирлынхаа нүүрийг үзэж буй “Эрдэнэтийн Уурхайчид” баг улирлын эхэнд Т.Санчирыг эгнээндээ нэгтгэж, эцэст нь финалд шалгарч чадлаа. Эгзэгтэй мөчид хоёр ч удаа алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж, багийнхаа тэргүүллийг бататгасан “Уурхайчид”-ын А.Бямбадорж тоглолтын дараа “Манай дасгалжуулагч аваргын төлөө "Хас" гэдэг багт төлөвлөсөн юм байгаа гэсэн. Тэрний дагуу л явна даа” гэв.

Сонирхуулахад, А.Бямбадоржийн хувьд "Хасын хүлгүүд" багийн бүрэлдэхүүнд багагүй хугацааг өнгөрүүлж, лигийн аварга, шилдэг зургаа дахь тоглогч болж байсан билээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр хуучин багаа егөөдсөн мэдэгдлийг хийв.

"Хасын Хүлгүүд"-ийн эсрэг "Эрдэнэтийн Уурхайчид"

"Хасын Хүлэгүүд" зургаа дахь жилээ дараалан финалд шалгарлаа. Тэд хагас шигшээ шатанд ирээдүйтэй залуу тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан "Архангай Алтан Дорнодын Дайчид" багтай тоглож, цувралд 4-2 гэсэн харьцаатай хожсон. Дээд лигийн долоо дахь аваргын цомоо горилж буй тэд энэ улирал "Уурхайчид"-тай финалд учраа таарав. Энэ аваргын цувралыг сонирхолтой болгож буй нэг зүйл нь хоёр багийн тоглогчид. Ялангуяа Б.Билгүүний эсрэг Т.Санчир гэх дуэль. Энэхүү хоёр тамирчин сүүлийн 10 жил Монголын сагсан бөмбөгийн нүүр царай болсон гэхэд хилсдэхгүй. “Санчир-Билгүүн” гэж холбоо үг шиг хэлэгддэг болсон хоёр тамирчны нэг нь аварга болно. Тэд хамтдаа "Хасын Хүлгүүд"-д хүчин зүтгэж, лигт удаа дараа түрүүлж байсан билээ.

Б.Билгүүн нэгдсэн дээд лигийн энэ улирлын "Тэргүүн тоглогч"-оор шалгарсан.

Эрдэнэтийн Уурхайчид багийн бүрэлдэхүүнд өмнө нь "Хасын Хүлгүүд"-ийн төлөө тоглож, аварга авч байсан хэд хэдэн тоглогч бий. Тодруулбал, Б.Батжавхлан, Н.Золжаргал, О.Очирбат, А.Бямбадорж, Э.Дорж-Арилд нар. Тэднийг хуучин багийнхаа эсрэг хэрхэн тоглох вэ гэдэг хүлээлт сагсан бөмбөг сонирхогчдын дунд үүсээд байна.  Хоёр баг энэ улирал нэг удаа учраа тааран тоглоход Б.Билгүүн 28 оноо, 14 самбараас бөмбөг авалт, долоон ашигтай дамжуулалт гүйцэтгэж, багаа ялалтад хөтөлсөн бол эсрэг багаас нь Т.Санчир 19 оноо авч байжээ.

"Янзтай" нэгдсэн дээд лигийн аваргын тоглолтууд энэ долоо хоногт спортын төв ордонд эхэлнэ. Тасалбарын үнэ нэмэгдэж болзошгүй бөгөөд цуврал долоон тоглолт өрнөнө.

 

Сэтгэгдэл бичих