Бээжин хотод “COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгалаа. Даваа гарагт эмнэлгийн байгууллагуудын гадна PCR-ийн шинжилгээ өгөх хүмүүсийн урт дараалал үүссэн байна.
Худалдааны төв, ресторан, кафе, эмнэлэг, эмийн сан, театр, музейгээр үйлчлүүлэхдээ халдвар аваагүй, халдвар авсан хүмүүстэй холбоо тогтоогоогүй, түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногт хотоос гараагүй гэдгийг баталгаажуулсан эрүүл мэндийн хоёр "ногоон" кодыг заавал үзүүлнэ. Үүнээс гадна, халуунаа хэмжүүлж, хоол идэхээс бусад тохиолдолд амны хаалт зүүх шаардлагатай.
Хятадын эх газарт өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 2343 шинэ тохиолдол илэрсэн байна. Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр, үүнээс 1337 нь дотооддоо халдвар авсны 895 нь Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужид бүртгэгджээ. Мөн Шаньдун (Зүүн Хятад), Гуандун (Өмнөд Хятад), Шэньси (Баруун хойд Хятад), Хэбэй (Хойд Хятад) мужууд, Шанхай, Тяньжин зэрэг хотуудад дэгдэлт ажиглагдаж байна. Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын 906 нь шинж тэмдэггүй тээгчид аж.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 218 нь гаднаас зөөвөрлөгджээ. Сүүлийн өдрүүдэд Украинаас нүүлгэн шилжүүлсэн хятад иргэдээс коронавирус илэрсэн тохиолдол байгаа эсэхийг мэдээлээгүй байна.
Хятадад дотооддоо халдвар авсан болон гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын нийт тохиолдлын тоо ням гарагт 116 902 болж нэмэгджээ. Тус улсад ковидын улмаас нас барсан тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш бүртгэгдээгүй байна. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 4636 хүн нас баржээ.