/RIA Novosti/. Украины байдал болон Оросын үйл ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх, улмаар дэлхийн шинэ дэг журмыг бий болгох шаардлагатай байгааг харуулж байна гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио парламентын хорооны хуралдааны үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.
"Олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад асар их үүрэг хариуцлага хүлээдэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох ОХУ-ын түрэмгий үйлдэл дэлхийн шинэ дэг журмыг бий болгох шаардлагатай байгааг харуулж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Тэрбээр Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг, тэр дундаа тус зөвлөлд хориг тавих эрхтэй гишүүдийг шинэчлэхийг эртнээс дэмжиж ирснийг сануулсан байна.
"Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх, тэр дундаа хориг тавих эрхийн асуудал бол амар ажил биш. Гэхдээ бид энэ асуудлаар бусад улс оронтой үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглээд юуны түрүүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар үзэл бодол нэгддэг Франц улстай энэ асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж нэмж хэлжээ.