Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ХӨСҮТ-д эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхлэв.
Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компаниас Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, УОК-т нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.
Монгол Улсын Засгийн газар, УОК, ЭМЯ болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.