800 ширхэг цахилгаан халаагуурыг хөнгөлөлтэй үнээр олгож байна

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 15-наас Орхон аймгийн Эрдэнэт хотын гэр хорооллын айл өрхөд 800 ширхэг цахилгаан халаагуурыг 60 мянган төгрөгөөр олгож эхэллээ.

Уг халаагуурыг БОАЖЯ-наас тус аймгийн БОАЖГ-т өгсөн бөгөөд иргэдэд 70 хувийн хөнгөлөлттэйгээр олгож эхэлсэн байна. Тодруулбал, нэг бүр нь 200 мянган төгрөгийн үнэтэй цахилгаан халаагуурыг иргэдэд 70 хувийн хөнгөлөлттэй өгч байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уг ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас агаарын бохирдлыг бууруулахад жилд дунджаар 300 гаруй сая төгрөг төсөвлөдөг байна.

Цахилгаан халаагуурыг гэр хорооллын 15 баг тус бүрээс 19 өрхөд өргөдөл, хүсэлтийн дагуу олгож байна. Уг халаагуур нь 20 м.кв талбайг халаах хүчин чадалтай, цахилгаан бага зарцуулдаг. Тодруулбал 2.5 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Орхон аймаг 29 мянган өрхтэй. Үүний 60 хувь нь гэр хороололд амьдардаг юм. 

Орхон /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих