Бөхийн өргөөнд анх удаа сумын цолтон болон залуу 704 бөх барилдав

оруулсан Алсын Хараа

Бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын  өдрүүдэд /2022.03.12-13/ үндэсний бөхийн 2 барилдаан болсны эхнийх нь Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан байв.

Энэхүү барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Д. Батбаатар нар шалгарлаа.

Ням гаригт сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болж, 704 бөх уран мэхийг уралдуулан барилдав. Энэ бол Монгол бөхийн өргөөнд сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн олон бөх зодоглосон тохиолдол болж тэмдэглэгдлээ. Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат 10 даван анх удаа ижил цолтнуудаа манлайлан түрүүлсэн бол Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ мөн анх удаа үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын наадмын хоёр түрүүтэй заан Т. Лхагвасүрэн шалгарсан бол шөвгийн тавд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Э. Чойням, Завхан аймгийн Отгон сумын харьяат, сумын заан Г.Анх-Эрдэнэ, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, сумын заан Н. Баяржаргал нар үлдсэн юм.

Сэтгэгдэл бичих