/Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын баруун хэсэгт орших “Сохэ” пуужингийн туршилтын талбайд очих үеэрээ уг талбайг шинэчлэн сайжруулахыг тушаав гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) баасан гарагт мэдээлэв.
“Ким Жөн Ун туршилтын талбайн өнөөгийн байдлыг судалж, үнэлсэн бөгөөд цаашид олон зориулалттай хиймэл дагуулуудыг, тэр дундаа цэргийн тагнуулын хиймэл дагуулыг төрөл бүрийн зөөгч пуужингаар хөөргөх боломжтой болгохын тулд туршилтын талбайг өргөтгөж, шинэчлэн сайжруулах даалгавар өглөө” гэж KCNA-гийн мэдээнд дурдсан байна.
БНАСАУ-ын удирдагч мөн туршилтын талбайд зарим шинэ байгууламж барихыг үүрэг болгожээ. Тэрбээр мөн талбайн эргэн тойрон дахь экологийн нөхцөл байдал өөрчлөгдсөнд болон аюулгүй бүсэд буюу хөөргөх талбайн эсрэг талд хөөргөх үйл явцыг ажиглах шинэ цэг байгуулах боломжид анхаарал хандуулав.
Ким Жөн Ун өмнө нь төрийн сансрын агентлагт зочлох үеэрээ тус улсад бүтээж буй тагнуулын хиймэл дагуул нь АНУ-ын цэргийн хүчний талаарх мэдээлэл цуглуулах зориулалттай гэж мэдэгдсэн юм.
БНАСАУ-ын баруун хэсэгт Хятадтай залгаа хилээс холгүй орших "Сохэ" нь тус улсын сансрын хоёр буудлын нэг нь юм. Уг буудал нь Японы дээгүүр өнгөрөхгүй өмнөд чиглэлийн траекториор /зам/ пуужин харвах боломжийг олгодог аж. Өөр нэг сансрын буудал болох "Тонхэ" нь БНАСАУ-ын зүүн эрэгт байрладаг.