Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их тоо гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
Тодруулбал, монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэй хүнийх 76 байгаа юм. 2020 оны дүнгээр нийт нас барсан хүмүүсийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй хүмүүс байна. Тэрбээр, "Эдгээр тоо юуг хэлнэ вэ. Эрэгтэйчүүдийнхээ асуудалд анхаарах цаг болсныг гэрлэн дохио шиг сануулж байна. Одоохондоо магадгүй шар гэрлээр сануулж байгаа. Анхаарахгүй цааш явбал улаан гэрлээр дохио өгнө. Дундаж наслалтын зөрүү улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Эрэгтэй хүмүүсийн нас барах шалтгааныг авч үзэхэд, эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барах нь 2.8 дахин их байна. Эрэгтэйчүүдэд маань анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Амссан бол жолоо барих тухай бодохын ч хэрэггүй. Энэ статистик дахиж өсөх ёсгүй" хэмээв.
Мөн тэрээр, "Жендер гэдэг үгийг сонсохоор эмэгтэй хүний эрхийн тухай яриа гэдэг ойлголт толгойд шууд буух нь бий. Угтаа жендерийн хөгжил гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, тэднийг нийгмийн харилцаанд оролцох, хөгжих тэгш боломжоор хангах тухай юм. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьж, хэлэлцэж ирснээс энэ тэнцвэр алдагдаж эрэгтэйчүүдийн асуудал тойргийн гадна үлдэх байдал анзаарагдаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих байдал их байгаа учраас анхаарлын төвд орох нь аргагүй. Нөгөө талд эрчүүдийн маань эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлт, орлого, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, үнэт зүйл гээд олон асуудал бий. Тэдгээрийг тойргийн төвд оруулъя. Эмэгтэйчүүдийн асуудалтай энэ тэнцүү авч үзье" гэв.
Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, эрэгтэй хүмүүс амиа хорлох нь 5.8 дахин их байгааг тэмдэглээд, Аавуудынхаа, ах дүү нарынхаа, эрчүүдийнхээ сэтгэлийг анхаарч сонсоорой гэсэн дохио гэдгийг сануулав. "Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бухимдлаа зөв аргаар тайлж байх ухаанд эрчүүд минь суралцах хэрэгтэй. Энэ нь архи уухын шалтгаан болж болохгүй" гэв.
Мөн эмэгтэй хүмүүстэй харьцуулбал, эрэгтэйчүүдийн бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их байна. Осол гэмтэл, хавдар, зүрх судасны өвчлөл бас л өндөр. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дөнгөж 34 хувь нь эрэгтэйчүүд. Энэ мэт олон харьцуулалтыг хүйсийн тэгш эрхийн жинлүүр дээр жигнэж үзэхэд тэнцвэр аль хэдийн алдагдсан байгааг ХНХ-ын сайд А.Ариунзаяа учирлав.
Тэрбээр мөн эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байгаа тоон үзүүлэлтийг дурдав. Тодруулбал, эрэгтэйчүүдийн тасаг улсын хэмжээнд 14 байгаагийн 6 нь нийслэлд 8 нь орон нутагт байна. Улсын хэмжээнд 14 андрологийн эмч, 60 уралогийн эмч байдан аж. Энэ нь нэг эмчид 21 мянга 600 гаруй эрэгтэй оногдож байгааг тэмдэглэв.
Тиймээс эрчүүдийн асуудалд анхааръя гэвэл эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг, үйлчилгээний чанар, хүртээмжийг хамгийн түрүүнд тавихаас өөр аргагүй. Нас барсан эрэгтэйчүүд дунджаар 20 хувь нь зүрх судасны өвчний, 15 хувь нь хавдрын өвчний, 13 хувь нь гэмтэл, хордлогын шалтгаантай байгааг тодотгов.
Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 39 хувь, бакалаврт суралцагчдын 40 хувь, магистрантурт суралцагчдын 34 хувь, докторантурт суралцагчдын 42 хувь нь эрэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл, 50 хувьд хүрсэн үзүүлэлт байгүйг тодотгоод, энэ нь эмэгтэй хүүхдээ илүү боловсролтой болгоё гэдэг нийтлэг хандлагын үр дагавар байж болохыг чухалчлав. "Боловсролын ялгаанаас хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын зөрүү, хандлагын зөрчил, амьдралын чанарын ялгаа гээд олон чухал асуудал салаална. Тоохгүй өнгөрөхөөр жижиг асуудал биш" хэмээн тэмдэглэлээ.
Хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, жижиглэн болон бөөний худалдааны салбарт эрэгтэйчүүд түлхүү ажиллаж байна. Барилгын салбарт ажиллагсдын 87 хувь, уул уурхайн салбарт ажиллагсдын 82 хувь нь эрэгтэйчүүд. Харин боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо цөөн байгааг дурдав.
"Энэ мэт олон үзүүлэлтийг ярьж болох бөгөөд тэр бүхэн цаанаа анхаарлын бас асуултын тэмдэгтэй" хэмээн тодотгоод, эрчүүдийн асуудлыг хамтдаа ярилцахаар "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвтэй үндэсний чуулганыг энэ сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд зохион байгуулахаар төлөвлөснийг онцоллоо.