/TASS/. Дэлхий даяар коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 450 сая давж, нас барсан хүний тоо 6.01 саяд хүрсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээлэв.
Гуравдугаар сарын 10-ны байдлаар ДЭМБ 450 229 635 хүн халдвар авч, 6 019 985 хүн нас барсан тухай мэдээлэл авчээ. Өдөрт халдвар авсан хүний тоо 1 816 925-аар, нас барсан хүний тоо 7 163-аар нэмэгдсэн байна.
ДЭМБ-ын статистик мэдээнд улс орнуудын өгсөн халдвар авсан болон нас барсан хүмүүсийн талаарх зөвхөн албан ёсоор батлагдсан мэдээллийг харгалзан үздэг. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо хоёрдугаар сарын 10-нд 400 сая, нэгдүгээр сарын 8-нд 300 сая, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 9-нд 250 сая, наймдугаар сарын 5-нд 200 саяыг давжээ.
Халдварын хамгийн олон буюу 78 647 682 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бол тус улсын араас Энэтхэг (42 980 067), Бразил (29 138 362), Франц (22 539 786), Их Британи (19 373 888) орж байна. Нас баралтын тохиолдлын тоогоор мөн л АНУ (954 913) нэгдүгээрт жагсаж байгаа бол хоёрдугаарт Бразил (652,829), гуравдугаарт Энэтхэг (515,459) оржээ.