БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Юн Сок Ёл сонгогджээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгуулжээ.

Бүх саналын хуудсыг тоолсны дараах байдлаар Иргэний хүч намын нэр дэвшигч Юн Сок Ёл 48.56 хувийн санал авсан бол Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.83 хувийн санал авсан байна.

Ийнхүү хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү 0.73 хувьтай байсан нь урьд бүртгэгдэж байгаагүй бага үзүүлэлт болжээ. Шударга ёс намаас нэр дэвшигч Сим Сан Жоны хувьд сонгогчдын 2.37 хувийн саналыг авсан байна.

“Бид, БНСУ-ын ард түмэн бол нэгэн цул юм. БНСУ-ын ард иргэд бүс нутаг, анги давхаргаас үл хамааран тэгш эрхтэй бөгөөд хаана ч байсан тэдэнд шударга хандах хэрэгтэй. Миний бие үндэсний нэгдмэл байдлыг эн тэргүүнд тавих болно” гэж тэрбээр Үндэсний ассамблейн намын төлөөлөгчдийн өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Өдгөө 61 настай, ерөнхий прокурор асан тэрбээр сонгуульд ялснаа “агуу ард түмний ялалт” хэмээн тодорхойлсон байна. Эрх баригч намын нэр дэвшигч Ли Жэ Мёний хувьд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, Юн Сок Ёлд баяр хүргэжээ.

Сэтгэгдэл бичих