/TASS/. Хятадын гараг судлаачид “Жужун” өөрөө явагч төхөөрөмжөөс Ангараг гаргийн гадаргуугийн доод давхаргын бүтцийн талаарх анхны мэдээллийг хүлээн авч, уг төхөөрөмжийн газардсан бүсийн хөрс, чулуудаас ус, химийн элэгдлийн ул мөр илрүүлжээ.
Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Nature Geoscience” сэтгүүлд нийтэлсэн байна.
"Ангараг гаргийг судалсан эхний жар хоногт маш олон шинэ нээлтүүдийг хийсэн. Тухайлбал, “Жужун”-ы камераар авсан чулуу, чулуулгийн зураг нь тэдгээр нь салхи, усны нөлөөллөөр элэгдсэн болохыг харуулж байна. Эдгээрийг судалснаар Ангараг гаргийн геологи, усны түүхийг тайлахад тус дөхөм болно” гэж судлаачид бичжээ.
“Жужун” өөрөө явагч төхөөрөмж нь 2020 оны долоодугаар сард нарны аймгийн дөрөв дэх гараг руу илгээсэн Хятадын “Тянвэнь-1” судалгааны аппаратын гол хэсэг юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард уг төхөөрөмж Ангараг гаргийн тойрог замд хүрч, тавдугаар сард Утопийн тэгш газарт амжилттай газардсан билээ.
Өөрөө явагч төхөөрөмжийг газардсаны дараа болон эхний зургуудыг хүлээн авсны дараа Бээжин хот дахь БНХАУ-ын Үндэсний одон орон судлалын төвийн профессор Лю Жянжюн ахлагчтай судалгааны баг “Жужун” газардсаныхаа дараа байрлаж байсан тэгш газарт Ангарагийн хэвлийн бүтцийг судлахад хүчин чармайлтаа төвлөрүүлжээ.
Ангарагийн геологийн хувьсал
Ангараг дээр газардсанаас хойш эхний хоёр сарын хугацаанд Хятадын өөрөө явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн хөрсний дээд давхарга болон доод давхаргын бүтцийн талаар 800 гаруй мегабайт мэдээлэл, мөн шинжлэх ухааны зургаан багажаар цуглуулсан бусад мэдээллийг дэлхий рүү дамжуулсан байна. Лю Жянжюн болон түүний багийнхан эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өнгөрсөн хугацаанд бараг судлагдаагүй Ангараг гаргийн хойд хагасын гадаргуугийн доод давхаргын зарим онцлог шинж чанарыг илрүүлжээ.
Тухайлбал, эрдэмтэд Утопийн тэгш газрын гадаргуу нь харьцангуй нягт хөрсөөр хучигдсан бөгөөд цөөн тооны том бул чулуу, элсэн манхан байдаг болохыг тогтоожээ. Энэ нь “Жужун”-ы гадаргуу дээгүүрх хөдөлгөөнийг хялбарчлахаас гадна, судалгаанд сонирхолтой байж болзошгүй хөрсний дээжийг хайх, шинжлэхэд хялбар байх гэнэ.
Үүнээс гадна, Хятадын өөрөө явагч төхөөрөмжийн камерууд, шинжлэх ухааны багажууд дэлхий дээр усны оролцоотой үүссэнтэй адил маш олон тооны жижиг чулуу, тунамал чулуулгуудыг бүртгэжээ. Эдгээрийн судалснаар эрдэмтдэд Ангараг гаргийн хойд хагаст геологи, химийн хувьсал хэрхэн явагдсан талаар анх удаа нарийвчлан судлах боломжтой болох аж.