Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Энэ талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Монгол Улс Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Хөшигийн хөндийн байр зүйн зураг буюу уул жалгыг судлах, барих барилгын даацын стандартыг тогтоох зэрэг ажлыг хийж буйг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар хэллээ.
Тэрбээр, “Хөшигийн хөндийд эдийн засаг, төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлснээр тухайн газарт төвлөрөл бий болох юм. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ямар байгууллагуудыг гаргах вэ гэдгийг судална. Мөн Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нисэх буудлын ойролцоох дулааны станц ямар хүчин чадалтай байх, цэвэрлэх байгууламжийг хаана байгуулах, дулааны шугамыг хэрхэн татах зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зургийг гаргана. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох юм. Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дэд бүтцийг тавьснаар хувийн хэвшлийн байгууллагууд барилга байшин барих боломж бүрдэнэ” гэлээ.