ОХУ-д олон улсаас хэрэгжүүлж буй хоригоос шалтгаалан рублийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 3 дугаар сарын 4-ний байдлаар 37.9 хувиар сулраад байна.
Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотой рублийн ханш унасаар байгаа ч Монголд харьцангуй тогтворжсон шалтгааныг Монголбанкны хэвлэлийн алба тайлбарлажээ.
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь тайлант өдөрт зах зээлд хийсэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханш юм. Дотоодын зах зээлд ам.доллароос бусад валютын арилжааны идэвх бага байдаг тул ханшийг зарлахдаа төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг олон улсын зах зээл дэх ам.долларын бусад валюттай харьцах ханш буюу кросс ханшаар үржүүлж тооцдог. Өөрөөр хэлбэл, төгрөгийн рубльтэй харьцах ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн, олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс давхар хамаардаг. Ингэснээр дотоодын зах зээлд зарлаж буй ханш олон улсын зах зээл дэх ханшаас ялгаатай тогтохгүй байх боломж бүрддэг байна.
-Рублийн ханшийн уналт Монголд хэр нөлөөлөх вэ. Манай рублийн нөөц ямар хэмжээнд байна вэ?
Рублиэр хийдэг гадаад гүйлгээ нь нийт гадаад гүйлгээний мөнгөн урсгалын 8-9 буюу харьцангуй бага хувийг эзэлдэг. Иймд рублийн ханшийн дотоодын зах зээлд үзүүлэх нөлөө харьцангуй бага юм.
-Манайд рубль зарахыг хязгаарлахгүй бол нөөц шавхагдах эрсдэл бий юу?
Төв банкуудын хувьд гадаад валютын нөөцөө чөлөөтэй хөрвөх шинж чанартай, нөөцийн валютаар бүрдүүлдэг. Тодруулбал, АНУ-ын доллар, евро, Японы иен, Английн фунт, БНХАУ-ын юань зэрэг валютаар гадаад валютын нөөц бүрдүүлэх нь түгээмэл. Энэ жишгийн дагуу Монголбанкны хувьд рублиэр гадаад валютын нөөцөө бүрдүүлдэггүй. ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн рублийн бусад валютад чөлөөтэй хөрвөх чадвар муудаж байгаа энэ үед дээр дурдсан чөлөөтэй хөрвөх валютын нөөцийн эрэлт ОХУ-д өсөж байгаа тул ОХУ-тай хийх төлбөр тооцоонд бэлэн рублийн нөөцөөс шалтгаалсан хүндрэл гарахгүй.
-ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотой манай мөнгөний захад ямар өөрчлөлт, нөлөө үүсэж байна вэ?
Монгол Улс ОХУ хооронд рублиэр хийж буй гүйлгээний хэмжээ харьцангуй бага тул зах зээлд үзүүлэх нөлөө ч бага. Монгол төдийгүй ОХУ-аас нефть, бусад бүтээгдэхүүн импортоор авдаг улс орнуудын өмнө гадаад худалдааны төлбөр тооцоогоо хэрхэн хийх нь асуудал болоод байна. ОХУ-д тавих хориг арга хэмжээнээс шалтгаалан тус улсаас бүтээгдэхүүн импортолдог улс орнууд хохирох магадлалтай тул эдгээр улс оронд хохирол багатайгаар гадаад худалдааны төлбөр тооцоогоо хийх шийдлийг бүх тал эрэлхийлж байна. Монгол Улсын хувьд ОХУ руу хийх төлбөр тооцоо удааширсан ч одоогоор бүрэн зогссон зүйл байхгүй.
-Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, 3000 төгрөгт ойртоод байна. Цаашид ханшийн эрсдэлийг хэрхэн сааруулах вэ. Манай нөөц энэ үеийн эрсдэлийг даах боломжтой юу?
Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах болгоомжлол гарч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж байгаа. Төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлэхээр төв банкнаас 7 хоногт 2 удаа гадаад валютын дуудлага худалдаа, валют арилжааны цахим талбараар банкуудад гадаад валют тогтмол нийлүүлж байна. Төв банкны гадаад валютын интервенцийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс эрчимжсэн. Энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад төлбөр тооцоонд хангалттай хүрэлцэхээр байна. Хэдийгээр Монголбанкнаас нийлүүлж буй гадаад валютын хэмжээ нэмэгдэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны нэгдүгээр сарын эцсээр 3945 сая ам.доллар буюу сарын импортын барааны хэрэгцээг хангах түвшинд, олон улсын жишиг түвшнээс их байна.