Эх сурвалж: AFP
Өчигдөр Герман улсын канцлерь Ангела Меркель телевизээр өөрийн ард иргэдэд хандаж үг хэлсэн нь ховор үзэгдэл байлаа. Тэрээр дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ коронавирусийн тахалтай холбогдуулан мэдэгдэл хийжээ. “Энэ бол бид бүгдийн ноцтой авч үзэх ёстой асуудал. Манай улс үндэстний хувьд хоёр Герман нэгдсэнээс хойш ч биш, бүр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдож байгаа хамгийн хүнд сорилт юм. Тиймээс бидний эв нэгдэл юу юунаас илүү чухал байна” гэж тэр мэдэгдсэн байна.
Ангела Меркель энэ үеэр халдвараас сэргийлэх хэдэн зарчмыг Герман хүн бүр дагаж мөрдөхийг уриалжээ. Үүнд гэртээ байх, гараа угаах, олон хүний дунд орохгүй байх, өндөр настнууд зэрэг эмзэг бүлгийн хүмүүстэй ойр харилцахгүй байх зарчмууд багтсан байна. Ийм зарчмуудыг мөрдөх нь халдварын тархалтыг зогсоохоос илүүтэй удаашруулах, цаг хожих зорилготой гэнэ. Үр дүнд нь халдвартай өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгүүдийн багтаамжийг хэмнэх юм. “Ойрын хэдэн долоо хоног бидний хувьд илүү хүнд хэцүү байх болно” гэж анхааруулсан Меркель засгийн газар нь тахлын хор хөнөөлийг багасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллана гэж мэдэгджээ.
Герман улс ойрын үед эмнэлгүүдийнхээ эрчимт эмчилгээний багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг зочид буудал зэрэг бусад эмнэлгийн бус байгууламжуудад хэвтүүлж эмчлэх хувилбар яригдаж байгаа гэнэ. Хэрвээ Германы иргэд халдвараас сэргийлэх дээрх зарчмуудыг хэрэгжүүлэхгүй бол ойрын 2-3 сарын хугацаанд 10 сая хүн Covid-19-ийн халдвар авах боломжтой гэж тус улсын Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс мэдээлжээ. Меркелийн холбооны засгийн газар одоо сургууль, баар, клубүүдыг түр хаах талаар тус улсын 16 мужийн захиргаатай хэлэлцэж байгаа. Герман улсын хөрш Итали, Франц улсуудад ийм арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.