Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос сар бүр бөхийн төрөл тус бүрд шилдгүүдийг тодруулдаг бөгөөд 2 дугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн 7 хоногт Истанбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-д алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарлаа.
Энэ оны анхных буюу нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний Гран пригийн 53 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байсан юм. С.Цэрэнчимэдийн хувьд Истанбулд 4 барилдахдаа олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн /Болгар/, олимпын хүрэл медальт Сакши Малик /Энэтхэг/, Марва Амри /Тунис/ нарыг цэвэр ялсан юм.
Чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар Яшар Догугийн ОУТ-ий 70 кг-д аваргалсан Амирмохаммад Яздани /Иран/, сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар /Турк/ нар тодров.