Монголын эмэгтэй уран бүтээлчид “Саарал хайрцаг” үзэсгэлэн нээнэ

оруулсан Алсын Хараа

Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ой, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Саарал хайрцаг” Монголын эмэгтэй бүтээлчдийн үзэсгэлэнг МУЭ-ийн арт галерейд энэ сарын 7-нд олон нийтэд толилуулна.

Дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний дуу хоолойг түгээх, хүний эрхийн асуудлуудыг тунхаглахад хүн бүрийн оролцоо чухлыг онцлон энэхүү үзэсгэлэнг дэлгэж буй юм.

Уг үзэсгэлэнгийн зорилго нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийн үйл явц, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог дэмжих, сургалт, сурталчилгаа бүхий нөлөөллийн ажлууд, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй экологийн тэнцвэргүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, агаар орчны бохирдол, төлөвлөлтгүй хот, хүн амын бөөгнөрөл, гэр бүл, хүүхэд хамгаалал, нийгмийн харилцаа хандлага зэрэг асуудлыг хөндсөн, тулгарч буй саад бэрхшээлийг даван гарах гэсэн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, сэдвийн хүрээнд манлайлагчид байж, урлагаар дамжуулж нийгэмтэйгээ харьцахад оршиж байна.

Уран бүтээлчид бүтээлдээ сайн сайхныг магтан дуулсаар, нөгөө талд нийгэм дэх хүчирхийлэл буурахгүй байсаар байна. Яагаад эмэгтэйчүүдийн бүтээл үргэлж цэцэг навч, гоо үзэмж, гоё ганган, хөөрхөн сайхны тухай дүрслэх ёстой гэж? Яагаад бодит байдлаа илчилдэггүй, илэрхийлдэггүй, тодруулбал хашгирдаггүй юм бэ? Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэн дуугарч, тэдний эрхийг хэн хамгаалах ёстой гэж? Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр, бүхий л үзвэр яагаад наран, саран, хатан, ижий гэсэн нэртэй байдаг юм бол? энэ мэт олон, олон яагаад ийм, тийм юм бэ? хэмээсэн асуултын хариултыг өөрсдөөсөө, дотроосоо, нухацтай, судалгаатай эрж хайсан бүтээлүүдийг дэлгэх юм.

Тус үзэсгэлэнг дэмжин Соёлын яам, Монголын Эмэгтэйчүүдийн сан, Монгол арт галерей хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ сарын 9-нд Керамик урлагийн мастер класс, 10-нд Уран бичлэг, бэхэн зургийн мастер класс, 10-нд Арьсан урлагийн мастер класс, 14-нд Уран зургийн мастер класс, 15-нд Эсгий урлагийн мастер класс тус тус зохион байгуулах юм.

Сэтгэгдэл бичих