ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр хуралдаж ШУА-ийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Чуулганыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Ковид-19 цар тахал болон бусад янз бүрийн учир шалтгааны улмаас улмаас ШУА-ийн Их чуулган биеэрээ цуглаж хуралдахгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ л шалтгааны улмаас бид 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг чуулганаараа хэлэлцэж чадаагүй.
2021 он бол Монгол Улсын шинжлэх ухаан тэр дундаа ШУА-ийн түүхэнд онцгой ойнууд тохиосон жил болж өнгөрч байна. 2021 онд ШУА-ийн үндсэн үйл ажиллагаа хэвийн, төлөвлөгөө журмын дагуу явж ирсэн. Үүний хажуугаар улсын төсвөөр шинжлэх ухааны салбар оршин тогтноход хүнд байгаа энэ цаг үед төсвийн бус эх үүсвэрийг бий болгох талаар нэлээд хичээж ажиллалаа. Үүний нэг томоохон хэсэг бол үйлдвэр бизнесийн салбарын томчуудтай холбоо хэлхээ тогтоож ажиллах эхлэл тавигдлаа. Энэ чиглэлээр хийсэн ажлынхаа тайланг гаргаж үзлээ. Цаашдаа энэ чиглэлийн үйл ажиллагааг үргэжлүүлээд явахад Монгол Улсын хөгжилд болон шинжлэх ухааны хөгжилд үр ашигтай гэдгийг бид олж хараад байгаа юм. Мөн дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтрах талд чармайн ажиллаж байна. Хамтарсан ажлын баг салбарын сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн үр дүнд бодит хамтын ажиллагаа их байх болов уу. Монгол Улсын шинжлэх ухааны ойрын ирээдүйг гэгээлгээр харж байна” гэсэн юм.
Үүний дараагаар ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “ШУА-ийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан” илтгэлийг хэлэлцүүлэв.
Тайланд 2021 оны онцлох ажил, түүний үр дүнгийн талаар тусгаж дараах байдлаар товч дүгнэжээ. Үүнд:
- -Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж, хөгжсөний 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гаргуулж, төлөвлөгөөний дагуу эрдэмтэн, судлаачид олон тооны ажил хэрэгч, бүтээлч санаачилга өрнүүлэн амжилт бүтээл арвинтайгаар түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
- -ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд нийт суурь судалгааны төсөл 54, шинжлэх ухаан, технологийн төсөл 8, улсын захиалгат төсөл 33, инновацын төсөл 3, гадаадтай хамтарсан 87 төсөл, грант төсөл 24, нийт 209 төсөл хэрэгжиж байгаагаас 88 нь 2021 онд дууссан байна.
- -Дээрх судалгааны хүрээнд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 196, эрдэм шинжилгээний өгүүлэл 871 (гадаадад 373, скопуст бүртгэлтэй сэтгүүлд 146), эрдэм шинжилгээний илтгэл 913 (гадаадад 318), нийт 1980 бүтээл хэвлэн нийтлүүлсэн байна. Түүнчлэн шинжлэх ухааны хялбаршуулсан ном 40, нийтлэл, өгүүлэл 171, лекц 161, патент 8, технологийн загвар 11, стандарт 23, ТЭЗҮ 6, аргачлал, гарын авлага 17, зөвлөмж 22, ашигтай загвар 5, зураг, каталог 61, авран хамгаалах 166, хээрийн судалгааны тайлан 40, социологийн тайлан 3-ыг гаргасан байна.
- -Өнгөрсөн 2 жилд шинээр төслийн сонгон шалгаруулалт хийгдээгүй, цар тахлын нөхцөл байдлын улмаас санхүүжилт туйлын хангалтгүй байсан зэрэг нь эрдэм шинжилгээний бүтээлийн тоонд одоогоор төдийлөн мэдэгдээгүй байна. Энэ нь нэг талаас хамтын ажиллагаатай холбоотой, нөгөө талаас магадгүй ойрын жилүүдэд мэдэгдэх гэж үзэж байна.
- -ШУА-ийн 2020 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон харьяа хүрээлэнгүүдийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар зөрчилгүй санал дүгнэлт авсан болно....хэмээн товч дүгнэв.
Чуулганы төгсгөлд 2021 онд төрийн одон медалиар шагнуулсан бүх академич нарт хүндэтгэл илэрхийлж ШУА-иас олгодог “Бидний бахархал“ өргөмжлөлийг гардуулсан юм.