УОК-ын Нэгдсэн шуурхай штабыг цомхон хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болгов

оруулсан Алсын Хараа

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр тус штабт ажиллах үеэрээ үүрэг болгов.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжсэн. Дэлхий даяар цар тахалд нэрвэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабыг байгуулсан билээ.

Өнгөрсөн хугацаанд Нэгдсэн шуурхай штаб гадаад улс орнуудаас өөрийн улсын иргэдийг эх орондоо ирэх боломж нөхцөлийг хангах, нийт 644 удаагийн чартер нислэгээр 81 161 иргэнийг татан авах ажлыг зохион байгуулжээ.

Шадар сайд С.Амарсайхан, “Бид бүгд цар тахлын урьдчилан тааварлахын аргагүй нөхцөлд ажлаа эхлүүлж байсан. Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар, 40-50 мянган хүний амь эрсдэх тооцоо гарч байсан ч Та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна. Үүнд Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна” хэмээв.

Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, цаг үетэйгээ холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж, эрүүл мэндийн салбарын ажилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангах, малын вакцинжуулалтын ажилд тусалж, хяналт тавихыг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл бичих