Монгол Улс "Украинд үүссэн хурцадмал байдлыг яриа хэлэлцээрийн замаар намжаах нь чухал" гэсэн байр суурь илэрхийлж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр мэдээлэв.
Засгийн газрын хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч түүнээс Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын илэрхийлэх байр суурийг тодруулсан юм. Тэрбээр, "Дэлхийн улс орнууд Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна. Манай улсын байр суурь тодорхой. Үндсэн хууль болон Гадаад харилцааны бодлогын үзэл баримтлалын хүрээнд өмнө ч байр сууриа илэрхийлж байсан. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт зарчим баримталдаг. Сүүлийн үед болж буй үйл явдалд гүнээ сэтгэл зовниж, анхааралтай ажиглаж байна. Энэ байдал цаашид даамжирвал дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, таамаглашгүй үр нөлөөнд хүргэх аюултай. Тиймээс холбогдох талууд дипломат байдлаар яриа хэлэлцээ хийж, сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна гэсэн байр суурьтай байгаа" хэмээв.
Мөн энэ талаар ҮАБЗ-төй зөвлөлдөж ойрын хугацаанд Монгол Улсын байр суурийг албан ёсоор илэрхийлэх мэдэгдэл гаргахаар төлөвлөж буйг мэдээллийн төгсгөлд тэмдэглэв.