Монголын эдийн засгийн форум ирэх сарын 7, 8-нд болно

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монголын эдийн засгийн форумыг ирэх сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Коронавируст халдварын цар тахлын улмаас 2018 оноос хойш болоогүй тус форумыг Засгийн газраас "Монголын эдийн засгийн форум" ТББ-тай хамтран зохион байгуулна. Тус форумын зохион байгуулах ажлын багийг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулан байгуулжээ. 

Энэ удаагийн форумын гол уриа нь "Шинэ сэргэлт" байх бөгөөд гол асуудал нь ковидын дараах дэлхийн эдийн засгийн чиг хандлага, өсөлт, тэлэлтэд Монгол Улс хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгийг тодорхойлно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн үеэр тэмдэглэв. Тэрбээр, "Энэ жил гадаадын хөрөнгө оруулагч, хөгжлийн түнш байгууллагатай аль болох өргөн хүрээнд хамтарч ажиллах боломжийг судалж, ажлаа эрчимжүүлж байгаа. Эдийн засгийн форумын гол агуулга нь ковидын дараах нөхцөл байдалтай уялдах ч дээрээс нь Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний асуудал эдийн засагт хэрхэн нөлөөлөх, сөрөг нөлөөг зөөлрүүлж хохирол багатай даван туулж буй улс орнуудын туршлагаас судлахад санал солилцоно. Эдийн засгийн өсөлтийг хангах, дэмжих, ялангуяа төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын хамтын ажиллагаанд суурилсан эдийн засгийн өсөлт, тэлэлтийг хангах нь форумын гол агуулга юм" хэмээв. 

Энэ удаагийн форум нь энэ оны тавдугаар сард болох Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улсын Засгийн газраас оролцох чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтойг Сангийн сайд дурдаад, УИХ-аас гадна төрийн бүх байгууллага идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Өмнөх форумууд хоёр өдөр үргэлжилдэг байсан бол энэ удаа "Шинэ сэргэлтийн бодлого"-ын зургаан чиглэлийг зургаан яам хуваан урьдчилсан дэд хэлэлцүүлгийг гуравдугаар сард багтаан явуулахаар болсон байна.

Сэтгэгдэл бичих