Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2022 оны 3 дугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 5, 6-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.