/Ukrinform/. Европын Холбоо /ЕХ/ Украины ЕХ-нд элсэх хүсэлтийг албан ёсоор бүртгэн авчээ. Энэ талаар Украинаас ЕХ-нд суугаа төлөөлөгч Всеволод Ченцов “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийн гарын үсэгтэй элсэх хүсэлтийг ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Францын байнгын төлөөлөгч Филипп Леглиз-Костад гардуулан өгсөн талаараа В.Ченцов мэдээлсэн байна.
“Хүсэлтийг бүртгэн авсан бөгөөд холбогдох үйл явц эхлээд байна” гэдгийг дипломатч цохон тэмдэглэжээ.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр В.Зеленьский ЕХ-нд элсэх Украины хүсэлтэд гарын үсэг зурсан байна. Тухайн өдрийнхөө орой хүсэлт Брюссельд хүргэгдсэн талаар В.Зеленьский мэдээлжээ.