Аймаг, нийслэлийн боловсролын салбарын гэрээг дүгнэв

оруулсан Алсын Хараа
Боловсрол, шинжлэх ухааны сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд байгуулсан гэрээгээ дүгнэжээ. Тус салбарынхны гэрээний биелэлтийг 100 оноогоор дүгнэвэл аймгууд 53.3-94.1 хувьтай үнэлэгдсэн байна. Дундаж онооны зөрүү 40 хүртэл буюу их байгаа нь аймаг, нийслэлийн ажил харилцан адилгүй ялгаатай байгааг харуулж байна гэв. Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Дундговь, Хэнтий, Завхан 90-ээс дээш оноогоор, Баянхонгор, Баян-Өлгий аймаг 50 гаруй оноогоор, бусад аймаг 70-89 оноогоор үнэлэгдсэн аж.
Насан туршийн боловсролын үйл ажиллагааг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил хийгээгүй, орон нутгийн зүгээс багш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдэнд орон сууц болон бусад дэмжлэг үзүүлэх талаар үр дүнд хүрсэн ажлууд аймаг, нийслэлийн аль алинд нь хийгдээгүй байгаад анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.
Өмнөх жилүүдийн хамтын ажиллагаанд зөв дүгнэлт хийх нь энэ жилийн хамтын ажиллагааг илүү сайжруулахад чухал нөлөө үзүүлэхийг салбарын сайд онцоллоо.

Сэтгэгдэл бичих