Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 305 шинэ тохиолдол батлагджээ. Сүүлийн дөрөв хоног дараалан тохиолдлын тоо 400-аас доош бүртгэгдэж буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 139 нь Улаанбаатарт, 166 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 25 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин долоон аймагт халдварын тохиолдлын тоо бүртгэгдээгүй аж.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2098 хүн эндээд байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7 695 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2 419 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 648, хүндэвтэр 1 536, хүнд 204, нэн хүнд оноштой 31 хүн байна.