Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 101 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

оруулсан Алсын Хараа

МАН-ыг үүсгэн байгуулсны 101 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

МАН-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм Монголчууд, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 101 жилийн ой болон Эх орончдын өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос зуун нэгэн жилийн тэртээ, Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын ардын хувьсгалын анхны долоон баатрууд нэгдэн, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.

1921 оны Ардын хувьсгал бол даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын тавцанд баталгаажуулах үе үеийн эх орончдын тэмцлийн үргэлжлэл болсон юм.

Хүн төрөлхтөнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тулгараагүй амаргүй сорилтын цаг үед ард түмэн ачааны хүндийг Ардын Намд үүрүүлсэн билээ.

Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг Та бид хамтдаа даван туулж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувиар биелж, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа.

Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүллээ.

Вакцинжуулалтын үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улсын Засгийн газар цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцалж, энгийн амьдралын хэмнэлд шилжих шийдвэрийг гаргалаа.

Энэ бүхэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар хөгжлийн зорилтыг нэг цонхоор харж, нэгдмэл бодлогоор нягт хамтран ажиллаж чадсаны бодит үр дүн юм.

Өнөөдөр манай намын шинэ зуун эхэлж байна. Намын хоёр зууны түүхэн солбицлын жил болох 2021 онд Монгол Ардын Намын 30 дахь их хурлаар социал демократ үзэл баримтлалаа тодотгож, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гаргаж, “Авлигын эсрэг дэвшилтэт бодлого”-оо тунхаглаж, намын шинэ зууны хөгжлийн зорилтоо тодорхойлсон билээ.

Өнгөрсөн 100 жилд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилтоо бүрэн биелүүлж чадсан эх орончдынхоо их үйлсийг энэ цагт залгамжилсан Монгол Ардын Нам ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоож, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлж, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан хүний хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Монгол Ардын Нам ард түмний чин эрмэлзэл, итгэл найдварыг хариуцлагатайгаар хүлээж, хүн биш хууль засагладаг тогтолцоог төгөлдөржүүлж, хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, авлига, хүнд суртлыг халах тэмцлийг манлайлан хэрэгжүүлснээр төр тунгалагшиж, аж ахуйн нэгж, дэлхий дахины хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгаа тэлэх зорилтыг бодитоор хэрэгжүүлэх болно.

Эвлэлдэн нэгдэх бүрдээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтдог болохыг эцэг дээдсийн минь түүх нотолдог. Үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэж, шударга ёс, хөгжил дэвшлийн төлөө эрхэм Монголчууд, намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд Та бүхэн бүх хүч, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориг бадрангуй зориулна гэдэгт итгэл төгс байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА,

                                                               МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл бичих