Н.Анхбаяр: Гурван монгол оюутан өчигдөр эх орондоо саадгүй ирсэн

оруулсан Алсын Хараа

Украинд 24 иргэнийг аюулгүй бүсэд хүргэсэн бөгөөд өчигдөр тус улсаас гурван монгол оюутан эх орондоо саадгүй ирсэн тухай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр мэдээлэв. 

Харьков хотод байгаа иргэдийн 15 нь гуравдугаар сарын 3-нд Монголд ирэх юм. Мөн Польшийн хил дээр ирсэн найман иргэнийг нэвтрүүлэхээр Элчин сайдын яам ажиллаж буйг тэмдэглэв. Ингэснээр Харьков хотод 23 иргэн үлдэж байгаа бөгөөд 18 нь оюутан юм. Тус хотод нөхцөл байдал хүнд байгаа тул тэдгээр иргэдийг татан авах ажилд ГХЯ-наас анхаарч ажиллаж буйг тодотгов. Хотын хөдөлгөөнийг бүрэн хаасан бөгөөд Улаан загалмайн нийгэмлэг ч тусламж оруулж чадахгүй байгааг дурдав. ГХЯ-наас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай холбоотой ажиллаж, тусламж илгээх, иргэдээ аюулгүй бүс рүү татахад анхаарч байгаа аж. 

Ташрамд дурдахад, Украин улсад 68 монгол оюутан суралцаж, 22 иргэн байнгын оршин суудаг. Одоогоор 45 оюутан эх орондоо ирээд байна.

Сэтгэгдэл бичих