19 аймгийн 240 тамирчин аваргын төлөө өрсөлдөж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Хөл бөмбөгийн холбоо, Баянхонгор аймгийн Хөл бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулж буй "21 аймгийн футзаалны аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн 2022” өчигдөр Баянхонгор хотноо эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар,  аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Эрчим хүчний дэд сайд, Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн М.Баярмагнай болон холбооны удирдах зөвлөлийн гишүүд, 19 аймгийн баг тамирчид, хөл бөмбөгийн спортын хөгжөөн дэмжигчид оролцсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус тэмцээнийг нээж үг хэлэхдээ, “Цар тахлын улмаас 2 жилийн дараа болж буй уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Баянхонгор аймаг нь өнгөрсөн онд олон улсын стандартад нийцсэн, шинэ талбайтай болж, спорт цогцолбор болон хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Мөн аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль бүрийн гадаах талбайг зүлэгжүүлж, тохижуулах ажилд анхаарч байгааг сайшааж байна. Дэлхийн хамгийн их хөгжөөн дэмжигчтэй хаан спорт гэгддэг хөл бөмбөгөөр дамжуулан хүүхэд, залуучууд зөв төлөвшил, тэсвэр хатуужил, багийн ажиллагаа зэрэгт суралцаж, эрүүл чийрэг бие бялдартай, хүнлэг энэрэнгүй нэгэн байхад суралцдаг. Цаашид энэ спортоор тив, дэлхийд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шилдэг тоглогч, дасгалжуулагч, шүүгчид төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Тус тэмцээнийг хөл бөмбөгийн спортыг сурталчлах, тогтвортой хөгжлийг дэмжих, Монгол Улсын 21 аймгийн дунд спортын шударга өрсөлдөөнийг бий болгон, аймаг орон нутгийн иргэд, ТББ, холбоод эвлэлдэн нэгдэж, хөлбөмбөгийн баг тоглогчдоо дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор зохион байгуулж буй. "Футзаалны 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн 2022” тус тэмцээн гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 19 аймгийн 240 тамирчин өрсөлдөж байна.

Сэтгэгдэл бичих