Импортын барааны үнэ үргэлжлэн нэмэгдэх эрсдэлтэй байна

оруулсан Алсын Хараа

Экспортын нөхцөл байдал энэ оны эхний саруудад сайжрахгүй байгаа нь төсөөллийн тодорхой бус байдал, эдийн засгийн томоохон эрсдэл болж байгааг Монголбанк мэдээллээ.

Цар тахлын улмаас манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2020-2021 онд гүйцэтгэлээс зөрөхөд нөлөөлжээ. Тодруулбал, 2020 оны 3, 4 дүгээр улиралд боловсруулсан төв банкны төсөөллөөр 2021 оны эдийн засгийн өсөлт 1.4 хувийн гүйцэтгэлтэй гарах магадлал маш бага буюу 1 хувь байжээ. Төсөөллийн зөрүүг нэмэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарласан юм.

Үүнд, хөрш орны цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн бодлого, үргэлжлэх хугацаа өөрчлөгдөж байсан нь таамаглалт нөхцөлийг өөрчлөхийн зэрэгцээ манай эдийн засгийн ихэнх салбарт гэнэтийн хүчтэй цохилт болсон. Тухайлбал, БНХАУ хилийн хязгаарлалтаа чангатгасан нь урт хугацаанд үргэлжилж байгаа нь манай гадаад худалдаа зарим сард зогсож, тээвэр, ложистикийн зардал нэмэгдэн, нийлүүлэлт доголдож, эдийн засгийн өсөлт төсөөллөөс багасах, инфляц шинээр эрчимжихэд нөлөөлсөн байна. Мөн цар тахлын шинэ хувилбарууд тархсанаар 2020 оны сүүлийн 2 сар, 2021 оны эхний хагас жилд хөл хорио тогтоосон нь ч нөлөөлжээ.

Түүнчлэн цар тахлын дараах сэргэлт геополитикийн асуудлаас үүдэн дэлхийн зах зээлд шатахууны үнэ, нийлүүлэлтийн гинжин сүлжээний доголдол, тээвэр ложистикийн саатлаас тээврийн зардал өссөн нь импортын барааны үнэ, дотоод үйлдвэрлэлийн зардал, хэрэглээний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэв. Хилийн хязгаарлалттай холбоотой экспортын биет хэмжээ төсөөллөөс тогтмол муудаж байснаас дэлхийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөг өнгөрсөн онд ашиглах боломжийг хязгаарлажээ. Эдгээр нь өнгөрсөн онд уул уурхайн салбар, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн гэж төв банк дүгнэлээ.

Өнгөрсөн онд инфляц төсөөллийн голч утгаас давсан нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан.

Жишээлбэл, малын гоц халдварт өвчин мах бэлтгэлийн үетэй давхцсан, Эрээн Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдсон, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн, худалдааны түнш орнуудын инфляц нэмэгдсэн зэргийг төв банк нэрлэсэн юм.

Инфляцийн цаашдын төлөв нь тээвэр ложистик, гадаад үнээс хамаарах ч дэлхий нийтээр инфляц нэмэгдэж, төв банкуудын зорилтоос давж байгаа нь гадаад үнээр дамжин импортын барааны үнэ үргэлжлэн нэмэгдэх эрсдэл дагуулж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэмдэглэлээ.

Харамсалтай нь хилийн хязгаарлалт сулрах эсэх, үргэлжлэх хугацаа сунжрах эсэх, экспортын хэмжээ нэмэгдэх эсэхээс эдийн засгийн төлөв хамаарахаар байгаа ч одоогоор яг хэзээ, хэдий хэмжээгээр өөрчлөгдөхийг таамаглахад хүндрэлтэй байгааг тэрбээр учирлав.

Сэтгэгдэл бичих