Английн Премьер Лигийн клубүүдийн нэг Челси дэх эзэмшлээ тус клубийн сайн үйлсийн сангийн удирдлагад шилжүүлж байгаагаа Оросын тэрбумтан Роман Абрамович өчигдөр зарлажээ.
Украинд болж буй үйл явдалтай холбоотойгоор Челси клубийн эзэмшлээсээ татгалзахыг Их Британийн парламентын гишүүн өмнө нь түүнд уриалаад байсан юм. Абрамович тус клубийг 2003 оноос хойш эзэмшиж байгаа. Тэрбээр мэдэгдэлдээ Украины талаар огт дурдаагүй байна.
“Челси клубийг 20 орчим жил эзэмшихдээ би үргэлж өөрийгөө тус клубийн амжилт, ирээдүйн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг ивээн тэтгэгч гэж үздэг байв. Би аливаа шийдвэрийг гаргахдаа үргэлж клубийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байсан. Би энэхүү итгэл үнэмшил, үнэт зүйлдээ үнэнч хэвээр байгаа. Тийм ч учраас би өнөөдөр клубийнхээ эзэмшлийг Челсигийн сайн үйлсийн санд шилжүүлж байна. Өнөөдрийн нөхцөл байдалд үүнийг би клуб, тамирчид, ажилтнууд, фэнүүдийнхээ эрх ашгийн төлөө гаргаж болох хамгийн зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байна” гэж Абрамович мэдэгдэлдээ өгүүлжээ.
Украинтай холбоотой эдийн засгийн хориг Челси клубийн хувь заяанд нөлөөлөхөөс болгоомжилж түүнийг ийм шийдвэр гаргасан гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн Лхагва гарагт Британийн парламентын гишүүн Лайла Моран түүнийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг санхүүжүүлэгч 35 хүний нэгээр нэрлээд эдийн засгийн хоригоор шийтгэх санал гаргаж байжээ.
Эх сурвалж: AFP