/Bloomberg/. Индонез гадаадын жуулчдад тавьж буй тусгаарлалтын шаардлагуудаа ирэх дөрөвдүгээр сараас цуцлах зорилтынхоо хүрээнд гуравдугаар сараас эхлэн Бали аралд ирэх жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авах туршилт явуулахаар болжээ.
Далай тэнгис, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Лухут Панжайтаны мэдээлснээр, вакцинд бүрэн хамрагдсан жуулчид нисэх онгоцноос буусныхаа дараа “PCR” шинжилгээ өгч, хариугаа гартал урьдчилан захиалсан байрандаа байрлах ёстой байна. Энэхүү туршилтын хөтөлбөрийг гуравдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч ирэх долоо хоногт өвчлөл буурвал эхлэх хугацааг нь урагшлуулж магадгүй ажээ.
Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай оронд тооцогддог Индонезид халдвар тархсан хэвээр байгаа ч бүс нутгийнхаа бусад орнуудын жишгийг даган коронавирустэй дасан зохицож амьдрах стратегийг хэрэгжүүлэхээр хязгаарлалтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар сулруулж байгаа юм. Мөн эрх баригчид вакцинжуулалтын явцыг түргэтгэхийн тулд вакцины хоёр дахь болон нэмэлт тунгийн хоорондох хугацааг зургаагаас гурван сар болгон бууруулсан байна.
Улсын хэмжээнд ням гарагт халдварын 34976 тохиолдол илэрч, 229 өвчтөн халдварын улмаас нас баржээ. Үүнийг өнгөрсөн онд “дельта” хувилбарын тархалтын оргил үеэр өдөрт 2000 хүн нас барж байсантай харьцуулахад хавьгүй доогуур байгааг Л.Панжайтан онцолжээ. Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикины мэдээлснээр, Засгийн газар хүн амын дунд дархлаажуулалт болон халдвар авснаар үүссэн эсрэг биетийн түвшнийг тодорхойлох цусны сорьцын шинжилгээг дахин явуулах бөгөөд үр дүн нь дөрөвдүгээр сард гарах төлөвтэй байгаа ажээ.