АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Freedom house” байгууллага жил бүр “Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал” тайланг гаргадаг. Тэд 2021 оны тайлангаа өнөөдөр /2022.02.25/ танилцууллаа.
Энэхүү тайланд дурдсанаар Хойд Солонгос хамгийн эрх чөлөөгүй улсуудын нэгээр тодров. Тодруулбал төрийн эрх чөлөөний хувьд тэг, иргэний эрх чөлөөний хувьд гурван оноо авснаар нийлбэр дүнгээрээ 100-аас гурван оноо авчээ. Тус байгууллагын тайланд нийт 195 улс орсон. Эндээс Туркменистан улс хоёр оноо, Өмнөд Судан, Сири улсууд нэг оноо авчээ.
Хойд Солонгос өдгөө олон улсын хориг арга хэмжээ, Covid-19 өвчний хилийн хязгаарлалтаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй тэмцэж буй.
Энэ оны тайланд Финланд улс 100 оноо, Шинэ Зеланд 99, Канад 98 оноо авч, хамгийн эрх чөлөөтэй орноор нэрлэгдэн, эхний гурван байрыг эзэлжээ. Тэгвэл Монгол Улсын хувьд улс төрийн эрх чөлөө 36, иргэний эрх чөлөө 48 оноо гээд нийлбэр дүнгээрээ 84 оноо авсан байна. Улс орнуудын эрх чөлөөний түвшинг гурван төрлийн ялгаатай статусаар дүгнэдэг. Тэгвэл 84 оноо нь эрх чөлөөтэй гэх ангилалдаа орох юм байна.
Эх сурвалж: YONHAP, FREEDOMHOUSE