Уханьд коронавирусний халдварын тохиолдол шинээр илэрсэнгүй

оруулсан Алсын Хараа

БЭЭЖИН. /TASS/. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 8-аар нэмэгдсэн бол халдвар авсан 819 хүн эдгэрчээ. Тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо 34-өөр нэмэгдсэн хэдий ч халдварын голомт болсон Ухань хотод нэг ч тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо мэдэгджээ.

БНХАУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 80.9 мянгад хүрснээс 70.4 мянга нь эдгэрч, 3245 хүн нас баржээ. Сүүлд мэдээлснээр, тус улсад халдварын нас баралтын түвшин 4 хувьтай байна. Халдвар авсан нийт хүний 87 хувь нь эдгэрчээ.

Түүнчлэн БНХАУ-ын 31 бүс нутгаас 15-д нь халдварын тохиолдол бүртгэгдээгүй бол өөр 16 муж, засаг захиргааны нэгж, хотын эмнэлгүүдэд коронавирусээр халдварласан хүний тоо нэгээс хэдэн арвын хооронд хэлбэлзэж байна. Бээжин хотод халдвар авсан хүний тоо 92 байгаа бол Хэйлунзян мужид 7, Хайнанд 1 тохиолдол тус бүр бүртгэгджээ.

Халдварын тархалт хумигдаад буй төв Хубэй мужид сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна. Тус мужид халдварын улмаас 8 хүн нас барсан бол 795 хүн эдгэрчээ. Одоогоор халдвар авсан хүний тоо 6900 байгаа аж. Эх газрын Хятадын дийлэнх хэсэгт олон хоног дараалан халдварын тохиолдол шинээр бүртгэгдэхгүй байгаа хэдий ч хилийн чанадаас ирсэн хүмүүс халдварын тохиолдлын тоог нэмэгдүүлэхэд хүргэжээ.

Сэтгэгдэл бичих