/Yonhap/. БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбарын давлагаа ирэх сарын дундуур оргил үедээ хүрч, өдөрт 250 мянга орчим хүнээс халдвар илрэх төлөвтэй байна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.
Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас улсын хэмжээнд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт анх удаа 100 мянга давж, улмаар энэ долоо хоногийн лхагва гарагт хамгийн олон буюу 171 452 хүнээс халдвар илэрсэн юм.
"Омикрон" хувилбарын халдварын давлагааны оргил үе урьдчилан таамаглаж байснаас ойрын хугацаанд эхлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна” гэж Ким Бу Кюм Сөүл хотноо болсон “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлжээ.
Тэрбээр “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа ч хүндээр өвчилсөн, нас барсан хүмүүсийн тоон үзүүлэлт тогтвортой байгаа нь “омикрон” хувилбар хоруу чанар султай болохыг харуулж байгаа талаар урьд нь мэдээлж байсан юм.
Тус улсад халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хүндээр өвчилсөн, өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд түлхүү анхаарал хандуулахын тулд хөнгөн хэлбэрээр өвчилсан хүмүүсийг гэрээр эмчлүүлэх системийг өнгөрсөн сараас нэвтрүүлсэн юм.
Ерөнхий сайдын хэлснээр, мягмар гаргаас эхлэн халдвар авсан өвчтөнтэй хамт амьдарч байгаа вакцинд хамрагдаагүй хүмүүс тусгаарлагдахгүйгээр биеийн байдлаа ажиглаж, тогтмол шинжилгээ өгөх шаардлагатай болно. Урьд нь зөвхөн вакцинд хамрагдсан иргэд л энэ журмыг мөрдөж байжээ.