Хөгжлийн банкны зээлдэгчид 50 тэрбум төгрөгийн зээл төлөөд байна

оруулсан Алсын Хараа

Хөгжлийн банкны зээлдэгчид өнгөрсөн сарын 20-ноос хойш 50 тэрбум төгрөгийг төлсөн гэдгийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, тус банкны удирдлагууд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлын талаар хэвлэлийн хурал хийх үеэр ийнхүү мэдээлсэн юм.

Тэрбээр, “Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.8 их наяд төгрөг байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд чанаргүй зээлийн барьцаа хөрөнгөөс эхлээд бүх зүйлд хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явц 75 хувьтай байгаа бөгөөд эцсийн дүн удахгүй гарна. Мөн УИХ-ын даргын захирамжаар энэ оны нэгдүгээр сарын 31-нд тус ажлын баг, АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж, мэдээллээр хангаж байгаа” гэлээ.

Ташрамд дурдахад, "Хөгжлийн банк нь нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай. Үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлийн ангилалд орох эрсдэлтэй байгаа юм.

Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хөрөнгийг төвлөрүүлэх төгрөг, ам.доллар, евро, иенийн тусгай дансыг Монголбанк болон Төрийн санд нээжээ.

Одоогоор тус банкны зээлдэгчид өнгөрсөн сарын 20-ноос хойш 50 орчим тэрбум төгрөгийг төлсөн байна. Үүнийг Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлын талаарх өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин мэдээлсэн юм.

Тэрбээр, “Зээлийн данс нээснээс гадна дотооддоо хэд хэдэн ажлыг хийж байгаа. Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг шалгалт хийж байна. Ажлын багтай бид 27 удаа уулзаж, 47 мянган хуудас материал хүлээлгэн өглөө. Мөн АТГ-ынхантай 57 удаа уулзаж, 20 мянга гаруй хуудас баримт бичиг хүлээлгэн өгөөд байна. Түүнчлэн 50 гаруй удаа зээлдэгч нартай уулзаж, 50 орчим тэрбум төгрөгийн зээл төлүүлээд байна” гэлээ.

Мөн тус банкнаас дотооддоо хяналт шалгалт хийж, 71 зээлдэгчийн материалын хувийн хэрэг, зээлээр хэрэгжиж буй 66 төслийн явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Дээрх хяналт шалгалтуудын үеэр эрх бүхий этгээдийн шийдвэр, нөхцөл хангаагүй байхад зээл олгосон, зээлийн гүйлгээний бичиг баримт дутуу, зээлдэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг бүрэн хөтлөөгүй, баримт бичгийн шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Тус банкнаас олгосон нийт 3.2 их наяд төгрөгийн зээлээ 4 ангилсан байна. Нэгдүгээрт, шүүхэд нэхэмжлэл гаргасан зээл байна. Одоогоор нийт 25 зээлдэгчийн асуудал шүүхэд шилжсэн байна.

 

Уг зээлээс 2-ыг нь 2013 онд, 2-ыг нь 2014 онд, 2015 онд нэг, 2017, 2018 онд тус бүр 8, 2019 онд 4-ийг нь олгожээ. Харин анхаарал хандуулах буюу хоёрдугаар ангилалд 8 зээлдэгчийн хэд хэдэн зээлийг оруулжээ. Уг 8 зээлдэгч 2014 онд 3, 2015 онд 2, 2016 онд 1, 2018 онд 1, 2019 онд 5, 2020 онд 1, 2021 онд 1 удаа зээл авсан байна. Хэвийн зээл буюу гуравдугаар ангилалд 11 зээл байгаа бөгөөд 2017 онд 2, 2018 онд 6, 2019-2021 онд тус бүр 1-ийг нь олгожээ. Үлдсэн зээл нь чанартай зээлд оржээ.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш нийт 3 их наяд 199 тэрбум 370 сая төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 3 их наяд 177 тэрбум 400 сая төгрөгийн барьцаа хөрөнгө авсан байна. Гэхдээ зарим аж ахуйн нэгж “ирээдүйд бий болох хөрөнгө” барьцаалжээ. Уг хөрөнгийг хасаж тооцвол тус банкны олгосон нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байгааг банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин дурдлаа.

Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд хамгийн удаандаа 886 хоног гацсан, тус банканд улс төрийн хамаарал бүхий боловсон хүчний асуудал хөндөгдөж буйг Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, "Миний бие ажлаа аваад 14 хонож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Ингэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлийг судаллаа. Ерөнхий сайдаас цаашид алдаа дутагдлыг засаж, цаашид давтахгүй байхад анхаарах чиглэл өгсөн" хэмээгээд, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхэд ямар шатанд байгаа талаар мэдээлэл өгөв.

Анхан шатны шүүхэд Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэргийн шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээрийн үнийн дүнг илэрхийлбэл, 705 орчим тэрбум төгрөг байгаа юм.

 

Хамгийн удаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь "Монгол драй милк" ХХК-д холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 886 хоног үргэлжилж байна. Мөн "Эрэл" компанитай холбоотой хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд 497 хоногийн хугацаа алдаж байгаа юм. Түүнчлэн "Монгема" ХХК-тай холбоотой хэрэг 365 хоногийн хугацаа алдаж байгаа аж.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар, "Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гацсан хэрэг н.Уранчимэг гэдэг шүүгч дээр байсан. Тиймээс Хөгжлийн банкнаас гомдол гаргаж, энэ сарын 14-ний ШСХ-ны хурлаар тухайн шүүгчид хариуцлага тооцсон. Энэ мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үндэслэлгүй саад болсон асуудалд анхааран ажиллаж байна" хэмээв.

Хөгжлийн банктай холбоотой давж заалдах шатны шүүхэд нэг хэрэг, хяналтын шатны шүүхэд зургаан хэрэг буюу нийт 173 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээгдэж байгааг Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар, мэдээллийн үеэр тодотгов. Тэрбээр, "Нийт 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процесс дээр явж байна. Ихэвчлэн төгрөгөөр авсан зээл байгаа юм. Хоёрдугаарт, шүүхэд процесс удаан үргэлжилснээр хугацаа их орох нь тодорхой. Ингэснээр Хөгжлийн банканд 1.2 их наяд төгрөгийн зээл төлөөгүйн улмаас үүсэх ханшийн зөрүүний асуудал гарна. Тиймээс зээлийг хурдан төлүүлж, ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай" хэмээсэн юм.

Мөн Хөгжлийн банкны байгуулсан цагаас нь авсан зээлүүдийг судлахад, улс төрийн нөлөө их тул боловсон хүчний асуудал хөндөгдөж байгааг учирлав. Хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар зээл авч байсныг дурдаад, "Эрсдэлийн болон хуулийн газар дээрх судалгаа, үнэлгээ зэрэг олон тайлан гарч байж зээл олгох шийдвэр гардаг.

Тухайн үед шийдвэр гаргалтад оролцож эрсдэлгүй гэж дүгнэсэн ч өнөөдрийн эрсдэлтэй нөхцөл үүсэхэд нөлөөлсөн хүмүүсийг ажил мэргэжлийн ур чадвар дутмаг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч байна.

Ерөнхий сайдаас ч тийм чиглэл өгсөн. АТГ-аас тодорхой нэр бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас ч ирсэн" хэмээв.

Тухайлбал, Хөгжлийн банкны н.Мөнхбат нарт холбогдох хэд хэдэн хэрэг байгаагийн дотор, Хөгжлийн банкны оффисын барилгыг худалдан авсан асуудал ч байгаа юм. Энэ хэрэг дээр хоёр хуульч томилуулан ажиллуулсан ч нэг нь хэлтсийн захирлын өгсөн чиглэлийн дагуу шүүх хуралд оролцоогүй. Тэгвэл нөгөө хуульч нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг дүгнэлт гарсан, АТГ-аас ч ижилхэн зөвлөмж өгсөн байна.

"Хөгжлийн банкны эрсдэлд орсон зээлийг Эрсдэлийн удирдлагын газар хариуцдаг. Намайг ажил авснаас хойш энэ газрын захирал нь ажилдаа ирэхээ больсон. Мөн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүн. Хэлтсийн хурал болохоор хэлтсийн захирал буюу яллагдагч нь хохирогчийн төлөөлөгчийн өөдөөс харж суугаад хурал хийж байх жишээтэй. Энэ байдлыг шийдэх шаардлагатай. Эхнээс нь албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байгаа. Үүнээс үүдэлтэй гомдол, санал гарч байгааг үгүйсгэхгүй. Дүрмийн бус тоглолт хийгээд байгаа хүмүүсийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авна" гэж Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар мэдэгдсэн юм.

Хөгжлийн банкнаас зээл төлүүлэх ажиллагаанд шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөөр болоход, бүрдүүлбэр материалаа дутуу гаргаж өгөх, нотлох баримтаа устгасан, алдсан байж болзошгүй нөхцөл байдал зарим албан тушаалтанд гарч буйг тэмдэглэлээ. Судлаад үзэхэд, 47 зээл буюу 66 хувьд нь материал дутуу, алдаатай, нотлох баримт дутсан асуудал гарчээ. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагатайг тэрбээр мэдээллийн төгсгөлд онцоллоо.

Сэтгэгдэл бичих