Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 517 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Хагас сарын өмнө халдварын тохиолдлын тоо мянгаас дээш тоотой бүртгэгдэж байсан бол энэ тоо сүүлийн долоо хоногт тогтмол хагас мянга руу шилжээд байна.
Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 279 нь Улаанбаатар хотод, 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас халдварын хамгийн их буюу 64 тохиолдол Өмнөговь аймагт илэрчээ. Харин таван аймагт шинээр халдварын тохиолдол илрээгүй байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр уг өвчнөөр 2095 хүн эндээд байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, халдварын улмаас 3105 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9 829 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 818 нь хөнгөн, 2009 нь хүндэвтэр, 235 нь хүнд, 43 нь маш хүнд өвчилсөн байна.