"Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцлахаар болжээ. Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан 12:00 цагт хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд нийт 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан "Эрдэнэт медипас” эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хууль бусаар буюу нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг.
Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулж байсан бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд "Эрдэнэт медипас” төв эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд буцаан аваад Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгох шийдвэрийг гаргалаа.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаар хийсэн судалгаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулсан. Энэ эмнэлгийн барилгыг ойрын хугацаанд хүлээж авах бөгөөд хүлээж авахтай холбоотой бэлтгэл ажлууд холбогдох байгууллагууд дээр хийгдэж байгаа.
Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж тус эмнэлгийг үнэгүй хувьчлаад зогсохгүй 2016-2020 оны хооронд ажилчдын үзлэг, хяналт хийх нэрээр Эрдэнэт үйлдвэрээс нийт 12.7 тэрбум төгрөгийг авсан байдаг. Үүнээс буцаагаад 6.6 тэрбум төгрөгийг нь эмнэлгийн төлбөр нэрээр Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлсэн байна.
Төрийн өмчийг үнэгүй авчихдаг, дээрээс нь төлбөр тооцоо нэрээр үгсэн хуйвалдаж их хэмжээний хөрөнгө авч, тэрийгээ эмнэлгийн төлбөр мэтээр буцаан хагасыг нь төлдөг асуудал өнгөрсөн хугацаанд явсаар иржээ.
Түүнээс гадна, хувьчилж авсан байгууллагад нь төрийн өмчийг буцааж өгөх шаардлага хүргүүлэхэд 30 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг буцааж өгөхгүй гэсэн асуудал ярьсан. Төр өөрийн өмчөө алдчихаад буцааж авахдаа төлбөр төлнө гэсэн асуудал байхгүй. Тиймээс бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж төрийн өмчид уг эмнэлэг буцаж ирэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.